ГАЗАР САМАРЧ ӨГӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

 

С.Амарсайхан: Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газрыг эзэмшиж байсан “ЮБ констракшн” компанийнхан шүүхээр заргалдаж эхэлсэн бөгөөд газрыг буцааж авахын тулд зохион байгуулалттай сүлжээ ажиллаж байна. Энэ үгийн цаана нэгэн том санаархал нуугдаж байна уу гэсэн хардалт төрсөнөө танд хүргэе.

Газрыг анх 2006 онд НИТХ-ын дарга асан Н.Болормаа 26 дугаар тогтоол гаргажээ. Тус тогтоолдоо, "Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн урд талд орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорхи үйлчилгээний барилгын зориулалттай 2,5 га гэж нэмэлт өөрчлөлт оруулсугай" гэж заажээ. Тус даргын тогтоол гаргасан өдрийн маргааш нь Нийслэлийн Засаг дарга асан Ц. Батбаярын захирамж гарч, "Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр дэхь Сүхбаатарын талбайн урд талд орчин үеийн шинэлэг усан оргилуур, газар доорх үйлчилгээний зориулалттай 2,5 га газрыг эзэмшүүлэх эрхийн төсөлд сонгон шалгаруулалтыг явуулсугай" гэсэн захирамж гарчээ. Энэхүү сонгон шалгаруулалтад "Ю Би констракшн" гэдэг компани шалгарч, тус компанийн захирал Ч.Орхон гэгч Нийслэлийн газрын албатай гэрээ байгуулсан байдаг. Гэрээ 2021 онд дуусч Газрын тухай хуулиар шийдвэрлэнэ. 41.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ.

Хотын төв цэцэрлэгийг ухаж төнхөж барилга барина гэдэг хэр барагтай аавын хүүгийн зүрхлэх ажил биш. Ю Би констракшн ХХК одоогийн хуулиар бол ямар ч зөрчил гаргаагүй. Гэтэл С.Амарсайхан хууль бусаар цуцалж дээр нь нөгөө л 14 жилийн өмнөх сонгон шалгаруулалт дээр байгаа зориулалтаас зөвхөн усан оргилуур гэдэг хэсгийг тасдан авч нийслэлийн өмчит компаниар хийлгэхээр болсон. 

 

 

 

 

За энэ бүх үйл явцаас доорхи хардалтууд төрж байна.

Газраа дээрэмдүүлсэн “Ю Би констракшн” ХХК ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Чимээгүй шүүхээр явж асуудлаа шийдүүлэх гэж байгаа. Хуулийн дагуу авсан газрыг цуцалвал шүүхдээд авж болдог гэдгийг хотын дарга С.Амарсайхан хамгийн сайн мэднэ. Тэрээр өөрийн хамаарал бүхий "Собт трэйд" ХХК ын зайсан толгой танктай хөшөөтөй газрыг тухайн үеийн сайд Л.Гансүх цуцалхад шүүхдэж ялаад өнөөдөрийн Зайсан Хилл цогцолбор сүндэрлэсэн түүхтэй.

Усан оргилуур барих зураг төслийг нарийн тогтож харвал газрыг бага зэрэг хүнхэр болгож зурсан байгаа. Энэ зургаар бол газар шорооны нийлээд ажил хийгдэхээр харагдаж байна. Нэг ёсондоо ингэж хүнхэрлэж ухахын тулд бүх модыг суга татна газрыг ухна гэсэн үг. Нэгэнт газар ухаад хамаг хар муу, хараалтай, хэл амтай ажлыг нийслэлийн өмчит компани нөгөө муу ТӨК ийн хэд хийнэ. Ингэж байтал цар тахал, хөл хорио, сонгуулийн сүр дуулиан гээд бужигнах дундуур гэнэт шүүх дээр “Ю Би констракшн” ХХК дүрэм ёсоор ялалт байгуулаад газраа буцааж авах шүүхийн захирамж гарна. Хотын дарга 3,2 тэрбумаа зарцуулаагүй нийслэл хохиролгүй. Дарга өөрөө  дэвшээд алга болно. “Ю Би констракшн” ХХК 2006 онд байгуулсан гэрээ ёсоор газраа үргэлжлүүлэн ухаж  орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорхи үйлчилгээний барилгаа барьж гэдэс цатгалан хонь бүтэн гэдэг үлгэр болох  уу?

Г.Эрдэнэтөгс

Сэтгэгдэлүүд

Нийт 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл үлдээх