Сонгуульд оролцох эвслүүд

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийг ирэх зургадугаар сарын 24-нд товлоод буй. Хуулийн дагуу энэ сарын 25-наас өмнө сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө баталж, аудитын байгууллагад хүргүүлэх учиртай. Тиймээс нам, эвслүүд ойрын өдрүүдэд цахимаар хуралдаж, аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө хүргүүлж байна. Тухайлбал, эрх баригч МАН өнөөдөр Бага хурлаа цахимаар хийж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлж байгаа. Харин АН-ын хувьд өнгөрсөн амралтын өдөр цахимаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Үүнээс гадна улс төрийн намуудын эсвэл ч мөрийн хөтөлбөрөө баталж, Үндэсний аудитын байгууллагад хүргүүлж буйгаа өнөөдөр мэдээллээ. Хуулиараа сонгуулийг товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намууд эвсэл байгуулж, сонгуульд өрсөлдөх эрхтэй. Тэгвэл одоогийн байдлаар гурван эвсэл УИХ-ын сонгуульд оролцохоо албан ёсоор мэдэгдээд байна.

“Та, бидний эвсэл-МАХН-ИЗНН-МУНН”

УИХ-д нэг суудалтай МАХН-ын хувьд энэ удаагийн сонгуульд Иргэний зориг ногоон нам, Уламжлалын нэгдсэн намтай хамтрахаар болжээ. Тэд нэгдэн “Та, бидний эвсэл-МАХН-ИЗНН-МУНН” эвсэл байгуулсан байна. Тус эвслийнхэн өнгөрсөн амралтын өдөр цахимаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Эвслийн мөрийн хөтөлбөрийн нэг зорилго нь ард иргэдийн эрх ашигт үйлчилсэн хууль эрхзүйн тогтолцоог бий болгох гэнэ.  Хоёрдугаарт, нийгмийн үндэс болсон өрх гэрийг бүх талаар дэмжих, гуравдугаарт, ард иргэд болоод өрх гэртээ үйлчлэх төр засгийн байгууллагын тогтолцоог сайжруулах гээд үндсэн гурван зорилгод тулгуурласан мөрийн хөтөлбөрийг боловсруулсан аж. Тэр дундаа эмэгтэйчүүдийн хөгжил, манлайллыг дэмжих бодлогыг нарийвчлан тусгасан байна. Улмаар өрх толгойлсон аав, ээжүүдийг дэмжих бодлого ч тодорхой тусгасныг тус намын удирдлагууд мэдээлжээ.

ШИНЭ эвсэл

Улс төрийн 10 гаруй нам нэгдэж ШИНЭ эвслийг байгуулснаа өнөөдөр мэдээлэв. Тодруулбал, Бүгд найрамдах нам, ШИНЭ нам, Үнэн ба Зөв нам, Монгол үндэсний ардчилсан нам зэрэг намууд нэгдсэн байна. Эвслийн даргаар ШИНЭ намын дарга Ж.Батзанданг сонгожээ. Уг эвслийнхэн өнөөдөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын байгууллагад хүргүүлэв. Мөрийн хөтөлбөртөө авлигыг бууруулах, хууль хяналтын байгууллагын шударга бус үйл ажиллагааг арилгах, стратегийн орд газруудыг иргэдэд өмчлүүлэх зэрэг асуудлыг тусгасан байна.

Зөв хүн Электорат

Хөдөлмөрийн үндэсний нам, Социал демократ, Зүй ёс намууд нэгдэж “Зөв хүн Электорат” эвсэл байгуулжээ. Уг эвсэл манай улсад үүссэн тогтолцооны гажуудлыг засаж, хүний хөгжил, хууль ёс, шударга ёс, нийгмийн ардчиллыг дээдэлсэн хүмүүнлэг, аз жаргалтай нийгмийг хөгжүүлэхийг зорьж байгаа гэнэ. Ингэхдээ МАНАН тогтолцоог халж, дунд, залуу үеийн төлөөллийг улс төрд гаргахаар зорьсон байна. 

Гэр хороолол хөгжлийн нам Монголын ногоон намтай эвсэнэ

Гэр хороолол хөгжлийн нам, Монголын ногоон намын удирдлагууд шинэ оноос өмнө хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ үеэрээ хоёр нам сонгуульд эвсэж оролцоно гэдгээ мэдэгдэж байсан юм. Гэхдээ тэд эвсэл байгуулсан талаараа албан ёсоор мэдээлээгүй байна. Санамж бичиг байгуулах үеэр Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч "Гэр хорооллыг хөгжүүлэх бодлогыг барьж буй нэг нам нь Гэр хороолол хөгжлийн нам. Мөн залуучууд ихтэй учраас залуучуудаа гаргах үүднээс тус намтай хамтрах ажиллахаар боллоо" гэж байв.

Сэтгэгдэлүүд

Нийт 1 сэтгэгдэл байна

  1. Болд - 2020-03-24 02:03:24

    Эх орон шиг сайхан зүйл үгүй билээ!.

Сэтгэгдэл үлдээх